НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

БАГА СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

/1969-1973/

Тус сургууль Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1969 оны 08 дугаар сарын 14- ны 295 тоот захирамжаар тэр үеийн Октябрийн районы нутаг дэвсгэр дээр "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдсан. Тэр үед 13-р сургуулийн байранд 70-р сургуультай хамт бага ангийн 4 бүлэгтэй хичээллэдэг байв, Бага сургуулийн анхны захирлаар Алтангэрэл багш ажиллаж байлаа. Удалгүй 70-р сургуулиас өрх тусгаарлан 3-р хорооллын 13-р байрны дунд орших хуучнаар Радио релейны газар, хожим Боловсрол дээд сургуулийн байранд оржээ. Захирлаар нь Бадамдорж, хичээлийн эрхлэгч нь Ичинхорлоо, Сэнгээ багш нар байлаа. Анхны бага сургуульд Зурагт /Одоогийн МҮОНТ-ийн орчим/, Зүүн Наран, Зүүн Ард Аюуш орчмын хүүхдүүд суралцдаг, анги бүртээ галладаг пийшинтэй, нэг давхар цагаан байшин байжээ.

 

ДУНД СУРГУУЛЬ БУЮУ 8 ЖИЛИЙН СУРГУУЛЬ БОЛСОН ТҮҮХ

 / 1974-1981 ОН /

Манай сургууль 1974-1975 оны хичээлийн жилийн 8-н жилийн дунд сургууль болсон байна. Энэ хичээлийн жил сургуулийн хувьд онцлог жил байлаа. Учир нь энэ үеэс

  • Бүх нийтээр бүрэн бус дунд боловсрол эзэмших төрийн бодлогыг хэрэгжүүлэх том зорилго тавигдсан бөгөөд сургуулийн хамт олон дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр шамдан орсон
  • 1975 онд хуучин байрныхаа ард нэмэлт байр, уурын зуух барьж халаалттай болсон
  • Шинээр 10 багш ирж, 28-р сургуулиас 5-7-р ангийн нэмэлт 6 бүлгийн сурагчид ирж анхны 8-р анги төгсөв.

Анхны 8-р ангийг Физикийн багш Рэгжий дааж төгсгөж байсан

1980 –аад онд тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй  тусламжаар монгол ард түмэнд бэлэглэсэн зөвлөлтийн цэргийн барилгачдын хүчээр барьж байгуулсан бүхэл бүтэн хороолол “500 айлын” дэнж дээр боссон нь одоогийн бидний амьдарч буй Монгол Нью Иорк гэж бидний нэрлэдэг 3, 4-р хороолол юм. Энэ том хороолол “Бережневийн бэлгийн сургууль”  гэгддэг 2 давхар орчин үеийн сургууль байгуулагдсан нь манай сургууль бөгөөд 1980 оны 08 дугаар сарын 20-нд шинээр байрандаа оржээ. Ингэж ороход ЗХУ-ын мэргэжилтан Рубин гэдэг хүнтэй тус сургуулийн орос хэлний багш Ч.Юмжирдулам / орчуулагчаар/ хөдөлмөрийн багш Хишигт, захирал Ж.Даваа, хүмүүжлийн эрхлэгч Дархижав, нярав Бумаа, бичээч Хишгээ нар хамтран ажиллаж барилга хүлээн авах Улсын комисс, Зөвлөлтийн удирдлага Ю.Цэдэнбал тэргүүтэй Төв хорооны гишүүд барилга хүлээн авах  Улсын комисс, Зөвлөлтийн  барилгачдын төлөөлөгчид ирж барилгыг хүлээн авахын өмнө багш ажилчид шөнөжин ажиллаж сургуулиа шил толь шиг гялалзуулан бэлэн болгож байсан гэж тэр үеийн ахмад багш нар дурсан ярьцгаасан.

Тухайн үед  тус сургууль 964 хүүхдийн суудалтай боловч 2000 гаруй сурагчидтай, 80-аад багш 20 гаруй ажилчидтай нүсэр том сургууль байлаа. Анги дүүргэлт дунджаар 40-47 хүүхэдтэй байжээ.

10-Н ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛЬ БОЛСОН ТҮҮХ

/1982 ОНООС /

Манай сургуулийн арван жил болсон түүх 1981-1982 оны хичээлийн жилээс эхтэй.  Энэ үед анхны 9-р ангиуд болох Д.Гүндэгмаа багштай 9а, Цэцэгмаа багштай 96, Г.Ган-очир багштай 9в ангиуд г.м нийт 53, 54 бүлэг 2500 гаруй хүүхэдтэй 3 ээлжээр хичээллэж байлаа. Зарим бага анги 28-р сургууль дээр хичээллэдэг байв. 10-н жилийн сургуулийн анхны шонг татахдаа манай сургууль дүүргийн хамгийн "цэвэрч" сургууль байлаа.



Тэр үед сургуулийн коридор болон бүх анги, өрөө тасалгаа нь цайвар шаргал өнгийн хулдаастай тул хир болох, хар зураас гарах нь амархан байсан.  Хэдий тийм боловч манай сургууль толигор цэв цэвэрхэн, бохир гуталтай хүн орохоос ч зүрхшээмээр сургууль байлаа. Ийм байлгахад тэр үеийн захирал Мягмарсанж, нярав Бумаа, ПАУ Лхагважав, Оюунчимэг, Г.Нямсүрэн, сурагчдын зөвлөл болон тэр үед ажиллаж байсан бүх багш ажилчдын идэвх зүтгэлийн ач гавьяа байлаа. Нөгөө талаар багш нарын нь боловсрол, хувийн ёс суртахуун өндөр, үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан тийм хамт олон бүрэлдсэн чухамхүү "алтан үе" байлаа. Иймээс ч улс хот



дүүргийн ямар ч уралдаан тэмцээн, олимпиадад дандаа эхний 1-5-р байранд ордог түүндээ их урамшдаг, улам их амжилт гаргахыг хүсдэг, ямар ч үед өөрийн хамт олны хэн нэгнээс өчүүхэн боловч амжилт гаргахад урамшин чин сэтгэлээсээ баярлан бахархаж чаддаг, зовлон зүдгүүр тохиолдоход, сэтгэл харамгүй хуваалцаж, туслан дэмждэг, тийм сайхан хамт олны баг бүрэлдсэн байлаа.

 Энэ  үед тус сургууль:

  • Дүүргийн Соёлч сургууль / 1982-1983 /
  • Нийслэлийн Тэргүүний сургууль/ 1985-1986 /
  • Эрнст Тельманы нэрэмжит Улаанбаатар хотын Тэргүүний бүлгэм/ 1986- 1987 /
  • Баянгол дүүргийн Тэргүүний сургууль/ 1998-1999, 1999- 2000, 2000-2001 / удаа дараа болж байлаа.

    Энэ хугацаанд тус сургууль:

  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль / 1994-1995он/
  • НҮБ -ын Хүүхдийн сангийн 6 настай хүүхдийг сургах анхны туршилт анги нээсэн

   Данида, Соросын сан, БСШУЯ, Азийн хөгжлийн сан, Дэлхийн банкны санхүүжилтаар хийгдсэн боловсролын шинэ тогтолцооны үнэлгээ, багш нарын сургалтын арга зүйн өөрчлөлт, үдийн цай, 6 настай хүүхдийн сургалтын орчин, "хүүхэд бүрт нэг комьютер" хөтөлбөр, мэдээлэл технологийн цахим лаборатори гэх мэт монголын боловсролын



шинэчлэлийн төлөөх бүх төсөл хөтөлбөрт идэвхтэй оролцож гардан хийлцжээ

1980-1989 он

Бүх нийтийг бүрэн дунд боловсролтой болгох, төрийн бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үе байжээ.

Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ хамт олныг бүрэлдүүлж төлөвшүүлэх явдал их чухал байсны зэрэгцээ, сургалт хүмүүжлийн ажлыг шинэ шатанд боловсронгуй болгон зохион байгуулахад чиглэгдэж байлаа. Эдгээр зорилтыг манай хамт олон амжилттай хэрэгжүүлснээр "Нийслэлийн тэргүүний сургууль" "Улаанбаатар хотын Тэргүүний бүлгэм" болсон.

1989-1998 он

Монгол улс нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих шилжилтийг хийж ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн нь монголын нийгмийн бүх салбарыг хамарсан хямралыг бий болгосон бөгөөд боловсролын салбарыг ч энэ хямрал дайран өнгөрсөн. Энэ хүнд үед манай хамт олон боловсролдоо үнэнч үлдэж, ард түмний үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйл ажлаа бусад сургуулийн нэгэн адил тасралтгүй явуулсаар ирсэн. Хэдийгээр амьдрал хүнд, цалин хөлсөө цаг хугацаанд нь авч чадахгүй зэрэг бэрхшээлүүд гарч байсан боловч энэ бүхнийг даван туулахын тулд, өөрсдийн үндсэн үүргээсээ алхам ч ухралгүй ардчилал, зах зээлд суралцан, өөрсдийгөө хөгжүүлэх, Монголын боловсролыг шинэ шатанд'гаргах бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Энэ л үед тус сургууль багшаа хөгжүүлэх, сургалтын шинэ арга зүйг туршин сургалтанд нэвтрүүлэх, улмаар бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж эхэлсэн байна. Архангай, Сэлэнгэ, Завхан, Говь-Алтай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын бүх дүүргийн сургуулиудад манай сургуулийн сургагч багш нарын баг очиж, /ргалтын шинэ арга зүй технологийг зааж сургадаг байсан.

Мөн сурагч эцэг эхийн хэрэгцээ сонирхлын дагуу 1994 оноос Математикийн гүнзгийрүүлсэн /ргалт"-ыг явуулж эхэлсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн.

Данида, Соросын сан, Азийн хөгжлийн сан, Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын оловсролд хийгдсэн 6 настанг сургуульд сургах туршилт, үнэлгээг боловсронгуй болгох төсөл этөлбөр, багш хөтөлбөр, тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөр гээд олон хөтөлбөр, төсөлд цэвхтэй оролцож, өөрчлөлтийг гардан хийлцсэнээрээ бид бахархдаг.

Энэ бүхнийг хийхэд тухайн үеийн нэгдмэл, чөлөөт ардчилсан сэтгэлгээтэй ухаалаг удирдлагын багийг дурьдахгүй өнгөрч үл болно.

1998-2005 он

Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, сургууль хөгжих үндсэн хүчин зүйл нь багш нар тэр дундаа хөгжсөн багш гэдгийг чухалчлан үзэж, багшаа хөгжүүлэх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн үе.

Манай сургуулийн хамгийн онцлог зүйл бол өндөр ур чадвартай олон багш нартай байсан явдал байлаа. Удирдлагууд багшлах боловсон хүчнийг шилж сонгож авах, багшийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь их анхаардаг байсан явдал үүнд их нөлөөлсөн байна.

Энэ хугацаанд магистр багш 15, үндэсний сургагч багш 7, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй багш 5 ажиллаж байв. Мөн МУБИС ийн харьяа Багшийн коллежийн түшиц клиник сургууль болсон байна.

Эдгээр амжилтын дүнд 1998, 1999, 2000, 2001 онуудад удаа дараалан "Баянгол дүүргийн тэргүүний сургууль" болж байлаа.

2005 оноос одоог хүртэлх үе

Боловсролын тогтолцоог 12 жил болгох бэлтгэл үе, 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжиж дуусгах шилжилтийн түүхэн үеийг манай сургууль амжилттай хийж байна. 12 жилийн тогтолцоо-ы эрх зүйн бүх баримт бичгүүдийг судалж, хэрэгжүүлэхийн тулд б настны сургалтын орчныг гандартын дагуу бий болгох, бага ангийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөр, "Хүүхэд бүрт нэг комьютер" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Жил бүрийн сургууль төгсөх шалгалт болон их дээд сургуульд элсэн орох шалгалтуудыг сурагчид маань амжилттай өгч 90 гаруй хувь нь их дээд сургуульд элсэн суралцдаг. Ялангуяа математик, нийгэм, англи хэл, газарзүйн хичээлээр шалгалт өгсөн сурагчид тогтмол өндөр үнэлгээ авдгийг БСШУЯ ны Боловсролын үнэлгээний төвийн хийсэн судалгаа, нэгтгэсэн тоо баримтаас харж болно.

  2015-2016 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн өргөтгөлийн 3-р давхар ашиглалтанд орж 21 анги танхим шинээр нэмэгдсэнээр сургуулийн ээлжийн коэффициент буурч, нийт 42 анги танхимтай болсон. Мэдээлэл зүй, гадаад хэлний хичээлийг дэд бүлгээр зохион байгуулдаг.

2017- 2018 хичээлийн жилд  манай сургууль  бага ангийн 35, дунд ангийн 20, ахлах ангийн 10 бүлэгт 2200 гаран  сурагч суралцаж,  99 багш, 17 үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Манай хамт олонЭрхэм зорилгоМэндчилгээНИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 2005
Энэ 7 хоногт 0
Энэ сард 1135
Нийт зочилсон 51772

 Утас

Гар утас : 70140195
Email :

 Хаяг

Баянгол дүүргийн 15-р хороо 40-р сургууль
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 40 дүгээр сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC